Зүрхний өвчин, түүнээс сэргийлэх нь
Зүрхний булчингийн. агшиж сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг титэм судас гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог.
Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд холестрол (цусны судсан доторх өөх тос) цугларч, цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсгэдэг. Энэ бөөгнөрөл нь цусны судсыг нарийсгаж, судсаар өнгөрөх цусны урсгалыг саатуулдаг.
Үүнээс үүдэн судасны хөндий хэт нарийсч, зүрхний үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч дутагдана. Бид хүнд юм өргөхөд гарын булчин өвддөг, эсвэл удаан алхахад хөл өвддөг гэдгийг мэднэ, Үүнтэй адил зүрхэнд хангалттай цус очихгүй байвал зүрх өвддөг.
Судасны дотор хананд үүссэн холестерины бөөгнөрөл хагарвал уг бөөгнөрөл дээр цусны бүлэн үүсдэг. Ингээд цусны судас бөглөрч, зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсэхийг бид зүрхний шигдээс буюу инфаркт, зүрх хаагдах гэж хэлдэг.
Зүрхний шигдээс үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс
Ихэнх тохиолдолд холестерины бөөгнөрөл судасны хананд үүсч, энэ нь нэг л өдөр хагарч, зүрхний судсыг бөглөн зүрхний шигдээс үүсгэдэг байна. Үүнийг судасны хатуурлаас үүдэлтэй зүрхний өвчин, эсвэл зүрхний титэм судасны өвчин гэж нэрлэдэг.
Зүрхний шигдээс болох, даралт ихсэх, тархинд цус харвахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс нь яг адилхан.
Үүнд:
-Амьтны гаралтай өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэснээс цусанд холестрол ихсэх
-Тамхи татах
-Хөдөлгөөний хомсдолд орох
-Архи хэтрүүлэн хэрэглэх
-Цусны даралт ихдэх
-Илүүдэл жин, таргалалттай байх
-Чихрийн шижингээр өвдөх
-Удамшлын буюу хамаатан садан дотор нь зүрхний шигдээсээр өвдсөн хүн байсан.
Удамшлын хүчин зүйлсийг хянаж чадахгүй боловч бусад хүчин зүйлийг багасгах замаар зүрхний титэм судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт титэм судасны өвчтэй болсон бол цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой.
Зүрхний шигдээсийн шинж тэмдэг
-Зүрхний шигдээсийн үндсэн шинж нь цээжээр хүчтэй өвдөж, амьсгал давчдах. Заримдаа цээж хорсох, хоолой руу шахах мэдрэмж төрнө. Өвчүүний ар талд өвдөнө. Өвдөлт зүүн гар, хүзүү, доод эрүү рүү дамжиж 20 минутаас дээш хугацаанд үргэлжлэх ба нитроглицеринд намдахгүй, өвчин намдаах тарианд ч үр дүнгүй байна.
-Багтраат хэлбэр: Амьсгаадах, бачуурах, амьсгал давчдах
-Хэвлийн хэлбэр: Аюулхай орчмоор өвдөх, бөөлжис цутгах, бөөлжих, өтгөн шингэрэх
-Цусны даралт буурах хэлбэр: Артерийн даралт буурах, муужирч унах
-Зүрхний дутагдлын хэлбэр: Хоолонд дургүй болох, ялангуяа махан хоолонд дургүй болно, оройн цагаар амьсгаадалт нэмэгдэнэ, доод мөчөөр хавагнана.
-Зүрхний хэм алдагдах хэлбэр: Зүрх савлах, зүрх тасалдах мэт санагдах
-Тархины хэлбэр: Толгой эргэх, ухаан балартах, тархинд цус харвах
Эмэгтэйчүүд, өндөр настнуудад шинж тэмдэг маш бүдэг явагдсанаас онош андуурагдах нь бий. Зөвхөн ядарч сульдах шинж илэрч болно.
Эмнэлэгт иртлээ та юу хийж чадах вэ
Хэрэв зүрхний шигдээсийн өвдөлт эхэлбэл эмнэлэгт яаралтай хүргэх шаардлагатай. Нитроглицеринийг таван минутын зайтай, гурван удаа хэлэн доор тавьж, 300 мг аспирин зажлуулах, намдахгүй бол өвдөлт намдаах тариаг эмчийн заавраар хийнэ. Тайван, хөдөлгөөнгүй байна.
Хөдөлж ачаалал өгөхөд зүрхний булчин ачаалалд тохирсон хэмжээгээр цусыг бусад эрхтэнд шахах шаардлагатай болдог. Зүрхний булчин хүчилтөрөгчийн дутагдалд орж, шигдээс үүссэн үед илүү ачаалал өгвөл зүрхний булчингийн гэмтэл илүү нэмэгдэнэ. Иймээс өвчтөнийг хөлөөр явуулахгүй, дамнуургаар эмнэлэгт хүргэнэ. Эмнэлэгт хэвтүүлэн стандартын дагуу эмийн эмчилгээ хийнэ.
Үзлэг шинжилгээ
Зүрхний шигдээсийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнд оношлогоо, эмчилгээ зэрэг хийгддэг. Зүрхний булчин үхжих аюултай гэж сэжиглэж байгаа үед эмчилгээг аль болох цаг алдалгүй хийж чадвал зүрхний булчингийн үхжилээс сэргийлж болно.
Өвчний түүх
Урьд нь зүрх өвдөж эмчид үзүүлж эмчлүүлж байсан бол зүрхний шигдээсийг оношлоход түлхэц болно.
Дараах асуултад хариулах нь оношийг тодруулах чухал ач холбогдолтой.
1. Өвдөлт хэзээ эхэлсэн?
2. Юу хийж байхад өвдөлт эхэлсэн?
3. Явж байсан бол өвдөлтөөс болоод зогсох шаардлага гарсан уу?
4. Амрахад өвдөлт гайгүй болсон уу?
5. Ямар нэг хөдөлгөөн хийхэд дахин өвдсөн үү?
6. Өвдөлт зөвхөн цээжин дээр байсан уу аль эсвэл эрүү, гар, мөр, дал руу дамжсан уу?
7. Амьсгал авахад хэцүү байсан уу?
8. Дотор муухайрсан уу?
9. Хүйтэн хөлс чинь гарсан уу?
Үзлэгийн явцад халдварт бус өвчний эрсдэл, бусад нөлөөлөх өвчин байсан эсэхийг тодруулна.
-Тамхи татдаг эсэх
-Даралт ихэсдэг эсэх
-Цусанд холестрол их байдаг эсэх
-Чихрийн шижингээр өвчилсөн эсэх
-Урьд нь тархинд цус харваж байсан эсэх, захын судасны ямар нэг эмгэг байсан эсэх
-Гэр бүлийн ойрын хамаатан зүрх судасны өвчнөөр өвчилж байсан эсэх, ялангуяа залуу насандаа зүрхний өвчнөөр өвдөж байсан бол эрсдэл өндөр байдаг.
Зүрхний цахилгаан бичлэг, цусны шинжилгээ, цээжний гэрэл зураг хийж, оношийг тодруулна.
Зүрхний цахилгаан бичлэг
Зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний булчинд зүрхний цахилгаан дамжуулалт хэвийн, эсвэл эмгэг байгааг тодруулна. Зүрхний булчин гэмтсэн үед цахилгаан дамжуулах чанар алдагдах бөгөөд энэ нь зүрхний цахилгаан бичлэгт тод харагддаг. Зарим тохиолдолд зүрхний булчин маш бага гэмтсэн үед зүрхний цахилгаан бичлэгт мэдэгдэхүйц өөрчлөлт харагдахгүй байж болно.
Цусны шинжилгээ
Зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний шигдээс оношлогдоогүй бол цусны шинжилгээгээр оношлох боломжтой. Зүрхний шигдээсийн үед зүрхний булчингийн эс гэмтсэнээс булчингийн эсийн дотор байдаг химийн бодисууд цусны урсгал руу ордог. Зүрхний булчингийн фермент, кератинин фосфокиназ, тропонингэх мэт бодисын аль нэгийг, эсвэл бүгдийг илрүүлэх шинжилгээ цусанд хийдэг.
Гэхдээ эдгээр бодис цусанд илэрч гартал тодорхой хугацаа шаарддаг. Тиймээс цусны шинжилгээг цагийг нь олж хийснээр зүрхний шигдээсийг зөв оношлох боломжтой. Жишээ нь: өвчтөн эмнэлэгт ирэнгүүт цусны шинжилгээнд тропонины хэмжээг үзнэ. Үүнээс хойш 6-12 цагийн дараа дахин үзнэ.
Цээжний гэрэл зураг
Цээжний гэрэл зурагт зүрхний хэмжээ, хэлбэр, гол судасны өргөн, уушигны талбайг харна.
Зүрхний шигдээсийн эмчилгээ Хэрэв зүрхний шигдээс гэж оношлогдсон бол зүрхний бөглөрсөн судсыг яаралтай нээж, зүрхний булчинд хүчилтөрөгчийг хүргэх нь эмчилгээний хамгийн гол зорилго байх болно. Цаг хугацаа өнгөрөх тутам зүрхний булчингийн өөрчлөлт нэмэгддэг.
Эмнэлгийн тусламжийг хэр орой авна, төдийчинээ зүрхний булчин гэмтэнэ. Зүрхний булчингийн бөглөрсөн судсыг нээж, дахин сэргээх боломжтой хугацаа богино байдаг. Эмчилгээг заавал эмнэлэгт хийх шаардлагатай. Зүрхний судсанд үүссэн бүлэнг уусгах, зүрхний судсыг сэтгүүрдэх гэх мэт эмчилгээ хийнэ.
Нөхөн сэргээх:
Биеийн хүчний ачааллыг аажим нэмэгдүүлэх, эхлээд эмчилгээний биеийн тамираар хичээллээд, дараа нь тэгш гадаргаар явж, аажимдаа шатаар өгсөх зэргээр ачааллаа нэмэгдүүлнэ. Эмчийн бичиж өгсөн эмийг цаг тухайд нь зөв хэрэглэж байх нь чухал.
Урьдчилан сэргийлэх
Хүмүүс зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхэд мэдээж удамшлын хүчин зүйлсээ хянаж чадахгүй. Гэхдээ шигдээсээс сэргийлэхийн тулд зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах боломжтой.
-Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
-Архи уухгүй байх
-Тамхи татахгүй байх
-Артерийн даралт ихдэх өвчтэй бол даралтаа тогтмол хэвийн хэмжээнд барих
-Илүүдэл жингээ хасах
-Сэтгэл санаагаар тайван, уур бухимдалгүй байх
-Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг хязгаарлах, эслэг ихтэй жимс, хүнсний ногоо, шош, үрт ургамал, бор гурил, арвайн гурил, хөц будаа түлхүү хэрэглэж, цусан дахь холестролоо бууруулж хянах
-Чихрийн шижинтэй бол хүндрэлээс сэргийлэх, хянах